Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2024/0110

 

Х.Ж*****-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:      П.Соёл-Эрдэнэ

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа 

Шүүгчид:                       Д.Батбаатар                        

                                           Ц.Цогт

Илтгэгч шүүгч:             Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0403 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0536 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0357 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, Х.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Я.А нарыг оролцуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Х.Ж***-ээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “... тус даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дүгээртэй тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Х.Ж****-ийг төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгох тухай” Б/761 дүгээр тушаалаар: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3, 46.5, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, 77.7.4, 77.7.9, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2, Татварын ерөнхий газрын даргын 2022 оны А/105 дугаар тушаалаар баталсан “Татварын албаны хүний нөөц бүрдүүлэлтийн журам”-ын 8.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Х***-ийн Ж*** нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгожээ.

3.Нэхэмжлэгчээс “... Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрх зөрчсөн, ... эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол шууд тэтгэвэрт гаргаж ажлаас чөлөөлөхөөр хуульчлаагүй, харин дээрх насанд хүрснээр өөрөө хүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх олгосон зохицуулалттай, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр (55 нас, 9 сар) төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд ажиллах хүсэлт гаргасан, хүсэлтэд бүх баримт бичгээ бүрдүүлэн өгөх шаардлагагүй, нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллах боломжтой эсэх асуудлыг огт судлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг зөрчсөн, урьдчилан мэдэгдэж, тайлбар авалгүйгээр тушаал гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, өндөр насны тэтгэвэрт гарахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг үл харгалзан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байхад төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 49.1, 62.1, 62.1.1-т заасныг зөрчсөн ...” гэж;

3.1.Хариуцагчаас “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ өгч болох ба хүсэлт гаргаснаар үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар шууд үүсэхгүй, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан тодорхой шалгуурыг харгалзан үзсэний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг зайлшгүй харгалзан, хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргахыг үүрэгжүүлсэн зохицуулалт Төрийн албаны тухай хуульд тусгагдаагүй, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Ж***-ээс Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Х.Ж***-ийг Татварын ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цалин, хөлсийг нэг бүрчлэн бодож олгох, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Татварын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0403 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2024/0357 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

7.1.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 76 дугаар тогтоолын 34, 36 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтад дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь хэсэгт заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” тохиолдолд төсвийн шууд захирагч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахаар зохицуулсан.

7.2.Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх удирдлагад шууд үүснэ. Харин албан хаагч нь үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг томилох эрх бүхий этгээд хүлээн авах ба төрийн албанаас шууд чөлөөлөх, эсхүл сонгох боломжийн хүрээнд төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллуулахаар шийдвэрлэхдээ хуульд заасан нөхцөл шаардлагыг тогтоох үүргийг хүлээнэ.

7.3.Гэтэл шүүхүүд Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” (тусгайлан тодорхойлсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн (2023 оны 07 дугаар сарын 07) дагуу нэхэмжлэгчийн хувьд 1967 онд төрсөн эмэгтэй тул 56 нас 3 сар хүрсэн өдөр) албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр, буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн тул шийдвэр хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүйгээс гадна хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгож байна.

7.4.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0536 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8.Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргасан байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.Х.Ж*** нь төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн татварын хэлтсийн даргад гаргаж, уг хүсэлтийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 132 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын даргад уламжилсан байна.

11.Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дүгээр тушаалаар Х.Ж***-ийг “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгожээ.

Хууль хэрэглээний хувьд:

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхэд дүгнэлт өгөх тухай байна.

12.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заажээ.

13.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, төрийн алба хаах насны дээд хязгаарыг “65” гэж заасан бөгөөд энэ хэргийн тухайд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 оны) хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг тайлбарлаж хэрэглэхээр байна. Учир нь, нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлсөн маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/761 дүгээр тушаал гарах үед тус хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул уг хуулийн агуулгыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/0281 дүгээр тогтоолд[1] тайлбарлаж хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.

14.1994 оны 6 дугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад ... 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд “55” нас хүрсэн эмэгтэй даатгуулагч “өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх” үүсэх хуулийн хөнгөлөлттэй нөхцөлийг заасан, энэ нь захиргааны (ажил олгогчийн) бус ажилтан өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас буюу өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөх агуулгатай хуулийн зохицуулалт юм.

15.Өөрөөр хэлбэл, эмэгтэй даатгуулагч 55 нас хүрсэн бол түүнийг шууд тэтгэвэрт гаргахаар хуульчлаагүй, харин өөрөө хүсвэл дээрх насанд хүрмэгц өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх олгосон зохицуулалт гэж үзнэ.

16.Энэ тохиолдолд, нэхэмжлэгч өөрөө “өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах” хүсэлт гаргаагүй бөгөөд тус заалтын “55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч” гэх хуулийн нөхцөлийг төрийн албан хаагчийн “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”-тэй адилтган үзэж захиргааны журмаар (санаачилгаар) төрийн албан хаагчийг тэтгэвэрт гаргах агуулгыг илэрхийлэхгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд үндэслэлтэй.

17.Нэхэмжлэгч өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 оны)  хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх заалтын дагуу өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэнийг хариуцагчаас “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэж буруу тайлбарлан төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн “... 56 нас 3 сар хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүссэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх агуулгатайгаас бус төрийн албаны хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгох “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх ойлголтод шууд хамаарахааргүй байна” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

18.Харин анхан шатны шүүх “... 1967 онд төрсөн эмэгтэй төрийн албан хаагчийг 56 нас 3 сар хүрснээр “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөхөөр байна ...” гэх дүгнэлт буруу болжээ.

19.Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/0403 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2024/0536 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Д.БАТБААТАР

                                                                                                      Ц.ЦОГТ

                                                                                                      Х.БАТСҮРЭН

 

[1]В.Н*** ба Баянхонгор аймгийн Засаг дарга, 111/2019/0023/з, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2020/0281